ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТ ГЭЖ ЮУ ВЭ?

2021-12-21

Геодезийн байнгын цэг, тэмдэгт гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээсийг хэлнэ. 

Геодезийн сүлжээг цэгийн ямар утга тодорхойлох хэмжилт хийхээс хамааран байрлалын /триангуляци, полигонометр/, өндрийн / I, II, III, IV анги/, гравиметрийн, GPS-ийн сүлжээ гэж ангилдаг.

Монгол улсад дээрх 5 төрлийн сүлжээний 30 000 гаруй цэг байдаг.

Геодезийн цэг тэмдэгтийн ач холбогдол 

Улс орны хил заагийнбайршлыг тодорхойлохоос эхлэнжирийн иргэдийн хашааны булангийн цэгийн байршлыг тодорхойлох хүртэлхбүхий л төрлийн ажилд геодезийн байнгын цэг тэмдэгтийг ашигладаг. Газрын гадаргын хэлбэр дүрс, түүн дээрх хүний гараар, байгалийн хүчин зүйлээс үүссэн объектыг зураглах, цаасан дээрх барилга, байгууламжийн төслийг газарт буулгах, барьж байгуулах, ашиглах явцадхийгддэг геодезийн хэмжилтүүд нь байнгын цэг, тэмдэгтэд үндэслэн хийгддэг.

Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь дараах үйл ажиллагааны үндэс болдог. 

  • Гравиметрийн сүлжээ байгуулахад
  • Байрлалын сүлжээ байгуулахад
  • Өндрийн сүлжээ байгуулахад
  • Байр зүйн зураглал хийхэд
  • Кадастрын зургийн хэмжилт хийхэд
  • Бүх төрлийн замчлах систем, бүтээн байгуулалтын хэмжилт, зураглалын ажилд өргөн хэрэглэгддэг.

Цэг, тэмдэгтийн хадгалалт хамгаалалт 

Геодезийн цэг тэмдэгтийг тухайн орон нутгийн Засаг дарга төрийн хамгаалалтад авах үүргийг хуулийн дагуу хүлээсэн байдаг. Гэвч төдийлөн хамгаалалтад авч чадахгүй цэгийг санаатай болон санамсаргүй байдлаар устгах, хөдөлгөөнгүй байдлыг алдагдуулах явдал түгээмэл байсаар байна.

Улсын геодезийн байнгын цэг, тэмдэгтийг сайтар хамгаалж, хашаалсан байдал: 

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын геодезийн цэг тэмдэгтийг хамгаалсан байдал

Геодези, зураг зүйн тухай хуулиас

10.1.Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь төрийн өмч байна. 

10.3.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. Уг цэг, тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарвал түүнийг сэргээн босгох зардлыг хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна. 

10.4. Геодезийн байнгын цэг тэмдэгтийг арчлан хамгаалахад дараахь журмыг баримтална: 

10.4.1.тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь түүнийг хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ; 

10.4.2.нутаг дэвсгэртээ байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна; 

10.4.3. хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах ерөнхий газар, тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отряд хяналт тавина; 

10.4.4.геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан тохиолдолд Засаг дарга, хил хамгаалах ерөнхий газар нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна. 

19.1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 

19.1.1.эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх; 

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР